Sunday, April 10, 2011

Санхүүгийн тайлан, татварын тайлангийн зөрүүг зохицуулан бүртгэх нь


Үндэсний татварын албаны онол, практикийн бага хурал. УБ. 2008-09-10.
ХҮДС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал. 2009-03-26

ХҮДС-ийн Нийгэм эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал, Доктор (Ph.D),  дэд профессор Г.Алтанзаяа

            Монгол Улс зах зээлийн харилцаанд нийцэх эрх, үүрэг, хариуцлагын нэгдмэл тогтолцоог бий болгоход төр, засаг, нийгмийн үйл ажиллагаа чиглэн байгаа үед энэхүү илтгэлээ бичиж байна. Татварын тогтолцооны эрх зүйн орчинг бий болгож хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн он жилүүдийг татварын бүртгэлийн мэдлэг хомсоос татварт зориулан санхүүгийн тайлан гаргуулах, татварын хуулийн дагуу гаргаж буй тайлан, санхүүгийн тайлангийн уялдаа нийцэлд ач холбогдол өгөхгүйгээр туулсаар ирлээ. Хариуцлагагүй байна гэдэг үг хаа сайгүй яригдаж байгаа ч хуулийг дагаж мөрддөг, хариуцлага хүлээдэг тогтолцоо чухам ямар байх вэ гэдэг нь мөн тодорхой бус байсаар л байна. Үүний жишээ нь: Татварын ерөнхий хуулийн 18.1.1-р зүйл болох “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх” гэсэн заалт хэрхэн хэрэгжиж байгаа гэдгээс тодорхой юм. Мөн санхүүгийн болон татварын тайлангийн зөрүүг зохицуулах асуудал ч эрх зүйн тодорхой шийдэл, арга зүйгээ үгүйлсээр л байна.



Өнөөгийн байдал
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн дагуу орлого, зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх нь нягтлан бодох бүртгэлийн зорилгоор бүртгэхээс зөрүүтэй байх тул санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашиг, татварын тайлангийн татвар ногдуулах орлого яг ижил гарахгүй. Иймээс мэдээллийн үнэн зөв байдал, тайлангуудын уялдааг хангах зорилгоор үүсч буй зөрүүг зохицуулан бүртгэдэг практик олон улсад хэрэгждэг ажээ. Харин манай улсын хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын бүртгэл, тайланг нягтлан бодох бүртгэлтэй уялдуулах буюу зөрүүг зохицуулах асуудал тодорхой шийдэл үгүйгээр хугацаа өнгөрсөөр л байна. (Сангийн сайдын 2000 оны 135 тоот тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын уялдааг зохицуулах журам” ААНОАТ-ын хууль өөрчлөгдсөнтэй холбоотой хэрэгжих боломжгүй)
Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх[1] гэсэн нягтлан бодох бүртгэлийн бодлого манай улсад хэрэгжиж байгаа. Энэ нь санхүүгийн болон татварын тайлангийн зорилгоос үүсэх зөрүүг хойшлогдсон татварын дансдуудаар бүртгэж тайлангуудын уялдааг хангах замаар хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах бодлого ажээ. 2006 оны байдлаар Сангийн яамнаас гаргасан судалгаагаар судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын 73,6%-д НББОУС нэвтэрсэн дүнтэй гарсан[2] гэж мэдээлсэн. Гэвч чухам хэдэн хувь нь татварын хуулийн дагуу үүсэх зөрүүг зохицуулан бүртгэж тайлагнаж байгаа вэ? гэдэгт Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийг бэлтгэх сургалтад хамрагдсан нягтлан бодогчдоос авсан судалгааны дүн стандартын дагуу татварын нөлөөгөө бүртгэж тайлагнадаггүй гэсэн хариултыг илэрхийлдэг. Цөөн тооны нягтлан бодогч хасахгүй зарим нэг зардлыг бүртгэх оролдлого хийгдэж байгаа байдал ажиглагдсан.
Монгол улсын нягтлан бодох бүртгэл, аудит ба компанийн санхүүгийн тайлагналын байдалд Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн Стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд хийсэн үнэлгээнд[3]:
·         Ихэнх компаниуд зөвхөн татварын албанд хүргүүлэх үүднээс санхүүгийн тайлан тэнцлээ гаргадаг             
·         ... тайлан гаргагч олон этгээд СТОУС-ын дагуу хөтөлдөг нийтлэг зориулалтын нягтлан бодох бүртгэл болон татварын зориулалттай нягтлан бодох бүртгэлийн үндсэн ялгааг ойлгож чадаагүй байна         
·         “Татварын зориулалтаар тооцоолсон дүнг” шууд нийтлэг зориулалттай санхүүгийн тайлан гаргахад ашиглаж байна       
·         НББОУС-12 Орлогын албан татвар – Хойшлогдсон татвар нь Монгол улсын хувьд шинэ ойлголт юм. Ихэнх хүмүүс хойшлогдсон татварын талаар ойлголт байхгүйгээс уг концепцийг санхүүгийн тайлан бэлтгэхэд ашигладаггүй зэрэг дүгнэлтийг өгч дараах зөвлөмжүүдийг гаргажээ. Үүнд:
-          НББ, аудит, санхүүгийн тайлангийн хууль тогтоомжийг татварын эрх зүйн хүрээтэй нягт уялдуулан хэрэгтэй байна. НББ-ийн ашиг алдагдлыг татвар ногдох ашиг алдагдалтай хэрхэн тулган шалгах талаар удирдамж заавар гаргах шаардлагатай.
-          Татварын байцаагчдын чадавхийг бэхжүүлэх
-          Аккруэль суурь, татварын болон санхүүгийн бүртгэлийн ялгаа... ойлголтуудыг мэргэжлийн боловсролын төвөөр дамжуулан сургалтуудаар өгөх хэрэгтэй гэжээ.
Санхүүгийн тайлан болон татварын тайланг хэрэгжүүлж буй өнөөгийн практик нь:
1.      Татварын зорилгоор санхүүгийн тайлан гаргах. Санхүүгийн тайлангаа татварын хуулиндаа нийцүүлэн бүртгэж тайлагнах практик нилээд түгээмэл хэрэгжиж байна. Энэ нь НББ-ийн хөтлөлтөд олон улсын стандартыг мөрдөх бодлого алдагдах төдийгүй үйл ажиллагааны бодит үр дүнг тодорхойлж чадахгүй сөрөг үр дагавартай төдийгүй мэдээллийн үнэн зөв байх зарчим хангагдахгүй.
2.      Санхүүгийн тайлангаа гаргаад түүндээ үндэслэн татварын тайлангаа гаргах. Энэ үед татварын тайлангийн тоо мэдээлэл нь санхүүгийн тайлантайгаа нийцэхгүй байх, хоорондын уялдаа үгүй байх сөрөг үр дагавартай билээ. Тухайлбал: хөнгөлөлт, чөлөөлөлт, хасахгүй зардал зэргийн зөрүү үүсгэх ажил гүйлгээнүүдийн нөлөөг бүртгэдэггүй. Зөрүү үүсгээд байгаа ажил гүйлгээний нөлөөллийг хэрхэн бүртгэх талаар аргачлал журам одоогоор үгүй байна.
Хэрэгцээ
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад Үндэсний татварын алба нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна[4], Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана[5] гэсэн заалтууд орсон нь татварын хуультай нийцүүлэн бүртгэл хөтлөх, түүнийгээ татвар хураах, хяналт тавихдаа ашиглах эрх зүйн зохицуулалт юм. Гэхдээ үүнийг анхан шатны баримтаар баримтжуулан санхүүгийн тайланд тусга гэсэн шууд утгаар ойлговол хэрэгжих боломжгүй болно. Санхүүгийн бүртгэл, татварын бүртгэлийн уялдааг хангах байдлаар нийцүүлэн бүртгэж тайлагнах замаар зохицуулан хэрэгжүүлэх учиртай.
Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ[6] гэж заасан нь санхүүгийн тайлан бол татварын холбогдолтой ажил гүйлгээг бүртгэж тайлагнах бус харин түүнд үндэслэн тооцоо хийж бүртгэх, тайлагнах гэсэн үг болно.
Монгол Улсын татварын шинэчлэлийн бодлого тодорхой хуулиудыг шинэчлэн найруулсны нэг нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”[7] (ААНОАТ) билээ. Энэ хуулинд өмнөх хуулинд байгаагүй хөрөнгө, зардалд хяналт тавихтай холбоотой нарийн заалтууд орсон ч түүнийг хэрхэн бүртгэж, тайлагнах талаар ямар ч аргачлал, заавар үгүй байна. Тухайлбал: Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг тооцохдоо
·         тухайн хөрөнгө татвар ногдох орлого олоход ашиглаж байгаа юу, үгүй юу гэдгийг
·         тухайн хөрөнгө тайлант хугацаанд үйл ажиллагаанд ашиглагдсан уу, үгүй юу гэдгийг харгалзан үзэх шаардлагатай болж байна. Татвар төлөгч энэ хөрөнгийг бид ашиглахгүй байгаа гэж тайлагнах болов уу? Чухам яаж хяналт тавих, бүртгэж тайлагнах талаар хуулийг хэрэгжүүлэх аргачлалд ч үг үсэг үгүй байсаар хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө.
Мөн хэрэв ашиглахгүй байгаа бол үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль ихээр нь борлуулсан гэж үзэж татвар ногдуулна зэрэг заалтуудыг хэрэгжүүлэхэд татварын алба яаж хяналт тавих вэ? Татвар төлөгч өөрөө борлуулсан гэж үзээд татвараа ногдуулах болов уу?
Элэгдлийн зардлыг тооцох шулуун шугамын аргаас өөр арга хэрэглэвэл түүнээс үүсэх зөрүү ирээдүйн тайлант үеүүдэд хэрхэн нөлөөлөхийг тооцож зөрүүг зохицуулах шаардлагатай болно. Түүнчлэн урсгал засварын зардлын хэтэрсэн хэсгийн нөлөөллийг ч тооцох болж байгаа. Энэ бүгдийн нөлөөллийг тооцоход санхүүгийн бүртгэлийн зорилгоор элэгдлийн зардал тооцохоос нилээд ялгаатай болох нь. Гэвч энэ ялгааг хэрхэн бүртгэж тайлагнах вэ? зэргээр олон асуулт хариулт үгүй байна.
Зээлийн хүүгийн зардалтай холбоотой орсон заалтууд нь тухайн зээлийг хэнээс, хаанаас авсан, юунд зориулан зарцуулсан зэрэг нь татвараас хасагдах зээлийн хүүгийн зардлыг тооцоход харгалзан үзэх шаардлагатай байгаа. ААНОАТ-ын хуулинд энэ мэт олон нарийн заалтууд байгаа нь санхүүгийн тайлангийн зорилгоос татварын бүртгэлийн зорилго нь эрс ялгаатай болохыг харуулж байна.
Аж ахуйн нэгж байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд татварын асуудлыг хайхралгүй орхигдуулж болдоггүйн адилаар байгууллагын НББ-ын зорилго, бодлогын нэг хэсэг нь татварын нөлөөллийг үнэн зөв бүртгэж, хөтлөхөд чиглэдэг нь татварын нягтлан бодогчийн хэрэгцээг бий болгож байна. Практикт аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл нь татварын хууль тогтоомжоос хэт их хамааралтай учир байгууллагын нягтлан бодох бүртгэл нь стандарт, зарчмыг хэрэгжүүлэхээс илүү татварын хуулинд нийцүүлэн тайлагнах хандлага их байгаа нь төрийн бодлогоосоо гажсан үйл ажиллагаа болох төдийгүй үндсэн зорилгоо хангаж чадахгүйд хүрдэг.
Өнөөдөр дэлхийн улс орнуудын хооронд явагдаж буй нээлттэй харилцааны үр дүнгээр аль ч улс орны иргэн бусад улс орнуудтай харилцаа холбоо тогтоон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг солилцох болсон нийгэмд бид амьдарч аж төрж байгаа нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зөвхөн өөрийн орны хууль эрх зүйд хязгаарлагдах бус бусад улс орны эрх зүйн орчинг таньж мэдэн, үйл ажиллагаагаа түүнд нийцүүлэхийг ч шаардаж байна. Ийм учраас хөрөнгийнхөө үр өгөөжийг таниж мэдэх хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэх мэдээ, мэдээллийг бүртгэх олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, татварын хуулийн хэрэгжилтийг хангах татварын бүртгэл хоёрыг зааглаж ялгааг нь таньж мэдэж хэрэгжүүлэх нь нийгмийн хэрэгцээ юм.
Татварын бүртгэл болон татварын орлогыг дамжуулан бүртгэх дансыг хөтлөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ[8] гэсэн заалтад татварын бүртгэлийн нэг хэсэг болох зөрүүг зохицуулан бүртгэх тухай хамаарна гэдэг тодорхой юм.

Санхүүгийн тайлан, татварын тайлангийн зөрүүг тохируулах нь
Аж ахуйн нэгж нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүүгийн бүртгэл хөтөлж, тайлангаа гаргана. Харин татварын тайлангаа Монгол улсад мөрдөж байгаа татварын хууль тогтоомжид нийцүүлэн гаргана. Иймээс санхүүгийн тайлангаар илэрхийлэгдсэн “Татварын өмнөх ашиг”-ийн дүн нь шууд татвар ногдуулах орлогын суурь болохгүй.
Татварын өмнөх ашиг нь бизнест хөрөнгөө оруулагчдын хүсэн хүлээж буй үр дүнг тодорхойлох учир санхүүгийн тайлан олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу бүртгэгдэж нийтэд түгээх мэдээлэл болдог бол Татвар ногдуулах орлого нь татварын хуулийн хэрэгжилтийг илэрхийлэх буюу татвар төлөгчийн үүргээ хэрэгжүүлж буйг харуулна. Татварын өмнөх ашигт бүртгэгдсэн ажил гүйлгээнүүдийн нөлөөллийг татварын хуульд заасны дагуу бодож, тооцох үйлдлүүдийг хийн нэмэгдүүлж, хорогдуулах замаар Татвар ногдуулах орлогыг тодорхойлно. Үүнийг доорх схемээр харуулъя. 

                                    Татвар ногдуулах орлогыг тодорхойлох

НББОУС-12-ын дагуу орлогын албан татварыг нягтлан бодох бүртгэлд бүртгэхэд дараахь горимыг гүйцэтгэнэ.Үүнд:
  1. Тайлант үеийн татварын зардлыг тодорхойлох
  2. Тайлант үед үүсэх хойшлогдсон татварын өглөг, хойшлогдсон татварын хөрөнгийг хүлээн зөвшөөрөх
  3. Хойшлогдсон татварын өглөг, хойшлогдсон татварын хөрөнгийн үлдэгдлээс тайлант үед хамаарах хэсгийг тодорхойлох
  4. Тайлант үеийн татварын өглөгийг тодорхойлох
Тайлант үеийн татвар ногдуулах орлогоос тооцсон орлогын албан татварын өглөгийн дүн нь тайлант үед төлөх татвар болно. Тохируулга нь санхүүгийн бүртгэлд орлого зардлыг хүлээн зөвшөөрөхөөс татварын зорилгоор орлого зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх ялгааг таниж мэдэж нөлөөллийг нь тооцож тайлант үеийн болон ирээдүйн тайлант үед хамаарах зохицуулалтыг хийнэ.
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль”-ийн дагуу нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо “Татварын өмнөх ашиг”-т тухайн үзүүлэлт яаж нөлөөлж буйг уялдуулан зохицуулна. Иймээс татварын өмнөх ашгийг бууруулсан харин татвар ногдуулах орлогод хамаарахгүй, татварын хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдөхгүй зүйлүүдийг нэмнэ. Татварын өмнөх ашгийг нэмэгдүүлсэн ч татварын хуулийн дагуу татвар ногдуулах орлогод хамааралгүй зүйлүүдийг хасна. Тухайн зөрүү нь ирээдүйн тайлангийн татварын өглөгт нөлөөлөхөөргүй бол түүний нөлөөллийг татварын зардлаар зохицуулна. Тусгайлсан хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогыг мөн хасан зохих тооцооллыг хийх зэрэг нь зөрүүг зохицуулах арга зүйн үндэс юм.

Санхүүгийн тайлан, татварын тайлангийн зөрүүг бүртгэх нь
Санхүүгийн тайланд илэрхийлэгдсэн тайлант үеийн татварын зардал, татварын тайланд тодорхойлогдсон татварын өглөг хоёр үүсч буй зөрүүгээс шалтгаалан өөр дүнтэй гарна. Иймд зөрүүгийн нөлөөллийг тохируулга хийх замаар тайлант үеийн татварын зардал болон татварын өглөгийг тодорхойлон, түүнийгээ нягтлан бодох бүртгэлээр зохицуулан бүртгэнэ. НББОУС- 12 нь зөрүүг хэрхэн ангилах түүнийг ямар дансдаар бүртгэхийг заасан. Зөрүү үүсэх үндсэн шалтгаан нь энэ хоёр бүртгэлийг зорилго бөгөөд нягтлан бодох бүртгэлийн арга аргачлалын сонголт, ажил гүйлгээний өөрийнх шинж байдал, татварын хуулийн зохицуулалт, хяналтын хүрээтэй шууд холбоотой болно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн заалтуудын дагуу татвар ногдуулах орлогыг тодорхойлох нь хуулийн олон заалтууд санхүүгийн бүртгэлийн татварын өмнөх ашгаас зөрөх[9] тул татварын бүртгэлийн зорилгоор тохируулга хийхээр байгаа юм. Тухайлбал:
·         Чөлөөлөгдөх орлого
·         Хөнгөлөлт эдлэх орлого
·         Тусгайлсан хувь хэмжээ бүхий орлого
·         Татвар нь төлөгдсөн орлого
·         Хязгаарлалт бүхий зардал
·         Зардалд тавигдах хязгаарлалтаас үүсэх зардал
·         Үл хасагдах зардал
·         Зээлийн хүүгийн зардал
·         Элэгдлийн зардал
·          Бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийн зардал, гаалийн татварын зардал
·          Алдагдлыг шилжүүлэн тооцох гэх мэт
  
Тайлант үеийн татварыг тодорхойлох үйлдлийг доор харуулав.

Зөрүүг үүсч буй  шинж байдлаас нь байнгын болон түр шинжтэй гэж ангилах бөгөөд энэ нь хууль тогтоомжийн заалт, арга аргачлалын сонголтоос хамаарна. Хуулинд хэдийгээр аккурэль суурьт зарчмыг хэрэглэхээр заасан ч зарим заалтуудын хувьд мөнгөн суурьт зарчмаар хэрэгжихээр байгаа. Үүсч буй зөрүүгээс шалтгаалан ирээдүйд тооцох татварын өглөг ихсэх, багасах нөлөөллийг хөрөнгө, өр төлбөртэй нийцүүлэн бүртгэх нь “Татварын нөлөөлөл”-ийг нягтлан бодох бүртгэлд тусгах үзэл баримтлал юм. Иймээс НББОУС-д нийцсэн бүртгэлийн зорилго нь татварын бүртгэлийн зорилгоос өөр учир түүний уялдааг хойшлогдсон татварын өглөг (хөрөнгө) дансдаар зохицуулан бүртгэхээр заасан.
Тайлант үеийн болон ирээдүйн тайлант үеийн татварын өглөг, зардалд нөлөөлж буй нөлөөллийг нягтлан бодох бүртгэлийн аргаар бүртгэхдээ хойшлогдсон татварын дансдыг ашиглана. Бодит үр дүнг тодорхойлсон санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашиг, татвар ногдуулах орлогын зөрүүгээс үүсч буй нөлөөллийг дараах байдлаар бүртгэж санхүүгийн тайланд тусгана.

Ø  Татвар ногдох түр зөрүү үүссэн үед.
      Дт  Татварын зардал                                                  ххх
                  Кт Хойшлогдсон татварын өглөг                              ххх
                             Орлогын албан татварын өглөг                            ххх

Ø  Хойшлогдсон татварын өглөгийг буцаах үед
            Дт  Хойшлогдсон татварын өглөг                             ххх
                        Кт Орлогын албан татварын өглөг                           ххх

Ø  Хасагдах түр зөрүү үүссэн үед
            Дт Орлогын албан татварын зардал             ххх
                  Хойшлогдсон татварын хөрөнгө                        ххх
                        Кт Орлогын албан татварын өглөг                           ххх

Ø  Хойшлогдсон татварын хөрөнгийг буцаах үед
            Дт Орлогын албан татварын өглөг                           ххх
                        Кт Хойшлогдсон татварын хөрөнгө             ххх

Хойшлогдсон татварын өглөг нь өр төлбөрийн тодорхойлолттой нийцэх учраас түүнийг санхүүгийн тайланд өр төлбөрөөр тайлагнана. Энэ нь өнгөрсөн ажил гүйлгээний үр дүн, одоогийн үүрэг хариуцлага, ирээдүйд үүсэх зарлага гэдгийг харуулна.
Хойшлогдсон татварын хөрөнгө нь хөрөнгийн тодорхойлолтын шалгуурыг хангах учраас санхүүгийн тайланд хөрөнгөөр тайлагнана. Энэ нь өнгөрсөн ажил гүйлгээний үр дүн, ирээдүйн боломжит өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг харуулна.
Хойшлогдсон татварын дансны үлдэгдлийг санхүүгийн тайланд тусгахдаа дүнг эргэлтийн буюу эргэлтийн бусаар ангилна. Тухайн дүнг хөрөнгө, өр төлбөрийн адилаар, ийм хамаарал үгүй бол хүлээгдэж буй буцаах хугацаанд нь үндэслэн ангилна. Эргэлтийн тохиолдолд өглөг нь богино хугацаат өглөгт, хөрөнгө нь эргэлтийн хөрөнгөнд, эргэлтийн бус гэж ангилсан тохиолдолд өглөг нь урт хугацаат хөрөнгөнд, хөрөнгө нь эргэлтийн бус хөрөнгөнд бүртгэнэ.

Санхүүгийн тайлан, татварын тайлангийн зөрүүг зохицуулахын ач холбогдол
Санхүүгийн тайлан, татварын тайлангийн зөрүүг зохицуулан бүртгэснээр Нягтлан бодох бүртгэл, татвар, аудитын тогтолцооны зааг ялгаа тодорхой болох буюу үйл ажиллагаа нь цаашид боловсронгуй болох үндэс болно. Мөн нягтлан бодох бүртгэлийн мэдээ мэдээллийг боловсруулах төрийн бодлого, хууль тогтоомж хэрэгжих төдийгүй санхүүгийн мэдээллийн ил тод байдал болон үнэ цэнэ нэмэгдэх билээ.
Зөрүүг зохицуулан бүртгэж тайлагнах нь
-          бүртгэлийн бодлого тодорхой болж хэрэгжих 
-          тайлангуудын уялдаа хангагдах
-          татвар ногдуулалт, төлөлт, хураалтад бүртгэлээр хяналт тавих
-          татварын хяналт шалгалтад нотолгоо болохуйц мэдээлэл бүрдэх
-          татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх
-          хариуцлага тооцох үндэс бүрдэх
-          татварын албаны мэдээ тайлан эмх цэгцтэй болох зэрэг олон ач холбогдолтой.
Монголчууд бидний Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх[10] гэсэн үндсэн үүргээ биелүүлэхэд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын хуулиудын заалтуудын хэрэгжилтийг хангахад зөрүүг хэрхэн зохицуулан бүртгэх асуудал хамгийн их хамааралтай болно. Хэрэв хэрэгжүүлэх шаардлагагүй бол хуулинд олон улсын стандартад нийцүүлэх, үнэн зөв мэдээллээр хэрэглэгчийг хангах, татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын болон санхүүгийн тайлан тэнцэл гаргах, аудит хийхийг татварын байцаагчид хориглосон, Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгах гэхчлэн заалтуудыг байлгах хэрэг байна уу? гэсэн асуулт гарна. Хууль байх ёстой бол түүнийг хэрэгжүүлэх учиртай биш үү?

Дэвшүүлж буй санал
Нэг. Татварын бүртгэлийн нэг гол асуудал болох санхүүгийн тайлан болон татварын тайлан хоёрын хооронд үүсч буй зөрүүг зохицуулан бүртгэх журмын төсөл, тайлангуудын уялдааг хангах тайлангийн загвар, болон түүнийг хэрэгжүүлэх аргачлалын төслийг санал болгож байна. Зөрүүг зохицуулах арга зүйг тодорхой болгож журамласнаар тайлан мэдээний үнэн зөв байдлыг хангах төдийгүй НББОУС-д нийцүүлэн бүртгэх асуудлыг ч шийдвэрлэх болно.    Журам, тайлангийн загварын төслийн бүтэц нь:
1.      Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын уялдааг зохицуулах журам нь үндсэн гурван хэсэгтэй.
Нэг:   Нийтлэг зүйл
Хоёр: “Татварын өмнөх ашиг”, “Татвар ногдуулах орлого”-ын зөрүүгийн ангилал
Гурав: “Татварын өмнөх ашиг”, “Татвар ногдуулах орлого”-ын зөрүүг зохицуулах нь.
2.      Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах  тайлан
Тайлангийн бүтэц нь:
1.      Татвар ногдуулах орлого, татварын зардлын тооцоо
2.      Хойшлогдсон татварын тооцоо
3.      Хойшлогдсон татварын дансдын хөдөлгөөн
4.      Суутган тооцоололтоор татвар нь суутгасан орлого, татвар
      Түр зөрүүгийн тайлан. Үүссэн түр зөрүү нь тайлант үед хамаарахаас гадна ирээдүйн тайлант үед хамаарах тул түүнийг тусгайлан тайлангаар харуулна.
3.      “Татварын өмнөх ашиг”-аас “татвар ногдуулах орлого”-ыг тодорхойлох, үүсэх зөрүүг зохицуулах аргачлал

Хоёр. ААНОАТ-ын хуулийн заалтуудад нарийн тайлбар гаргах, кодлох болон хэрэгжүүлэхтэй холбоотой аргачлал, бүртгэл, тайлангийн арга зүйг шинэчлэн өөрчлөх
Гурав. Татварын бүртгэлийн ойлголт мэдэгдэхүүнийг олгох үүднээс системтэй сургалтыг эрчимжүүлэх
Дөрөв. Татвараа өөрөө ногдуулж төлөх үүрэг нь бүхэлдээ бүртгэл, тооцоолол, тайлагналын ажилбаруудаар хийгдэх тул татвартай холбоотой ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн арга зүйгээр бүртгэж тайлагнах үйл ажиллагааг мэргэшсэн мэргэжилтнээр гүйцэтгүүлдэг эсвэл туслалцаа авдаг тогтолцоог хэвшүүлэх
Тав. Татварын албаны үйлчилгээг жинхэнэ утгаар нь төрийн үйлчилгээ болгоход татварын тооцоо тайланг эрх бүхий этгээдээр хийлгүүлж, түүндээ үндэслэсэн хариуцлага тооцох тогтолцоог бий болгох
Зургаа. Үүргээ хэрэгжүүлэхгүй хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг механизм үйлчлэх тогтолцоотой болох

Санхүүгийн тайлан болон татварын тайлангийн зөрүүг зохицуулан бүртгэх арга зүйд мэдэхгүй, ойлгохгүй гэсэн үзлээс өөрөөсөө зайлуулах бус улс орны хөгжилд болон татвар төлөгч, татварын албаны үйл ажиллагаанд тустай, хууль хэрэгжих ёстой гэдэг үүднээс хандан хэрэгжүүлбээс болохгүй зүйлгүй билээ. Мөн хэн ярив гэхээсээ илүү юу ярив гэдэг концепцээс аливаа зүйлд соргогоор хандах нь ажил урагшлах, хөгжин дэвжихийн эхлэл ажээ.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

2009-03-26













[1] Нягтлан бодох бүртгэлийн хууль 4.1.1 дэх заалт
[2] Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, аудит ба компанийн санхүүгийн тайлагналыг сайжруулах нь сэдэвт дугуй ширээний ярилцлагад Сангийн яамны НББ-ийн бодлого, хяналтын газрын дарга Ж.Үхэртарын “Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн хөгжил ба цаашдын зорилт илтгэл.
[3] Стандарт, дүрэм журмын хэрэгжилтэд өгсөн үйлгээний тайлан.
[4] Татварын ерөнхий хуулийн 31.1-р заалт
[5] Татварын ерөнхий хуулийн 53.2-р заалт
[6] Нягтлан бодох бүртгэлийн хууль. 12.2-р заалт
[7] 2006 онд батлагдаад 2007 оны 1-р сарын 1-ээс мөрдөж байгаа
[8] Татварын ерөнхий хууль. 53.5-р заалт
[9] Г.Алтанзаяа. Татварын бүртгэл. х79
[10] Үндсэн хуулийн 17.1.1 дэх заалт

1 comment: