Thursday, April 21, 2011

Татварын зарчим- Монгол Улсын татварын тогтолцоо

Адам Смит 1776 онд “Ард түмний баялаг” номондоо татварын тогтолцооны үндсэн зарчмуудыг тодорхойлсон нь өнөөдрийн татварын онолын үндсэн суурь болсоор байна.

1. Татвар шударга, тэгш байх ёстой өөрөөр хэлбэл орсон орлоготой нь уялдах ёстой.
2. Төлөх татвар нь тодорхой байх ёстой, татвар төлөгчид тооцоолох болон төлөх хугацаа нь тохиромжтой байх ёстой.
3. Татвар нь төлөгдөхүйц байх ёстой.
4. Татвар нь үр ашигтай байх ёстой

Энэхүү зарчмууд нь Монгол Улсын татварын тогтолцоонд хэрхэн биелэлээ олж буйг хуулийн зохицуулалттай холбон авч үзье.
1. Татвар нь шударга, тэгш байх ёстой гэдгийг Татвар төлөгч нь Үндсэн хуулинд заасан “хуулиар ногдох албан татвараа тодорхойлж төлөх” гэсэн үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд тэгш хандах, шударгаар хэрэгжүүлэхийг хэлж байгаа гэж үзэж байна. Та ажил, үйлчилгээ эрхлэх буюу хөдөлмөр эрхлэн орлого олж буй бол хуулийн дагуу татвараа шударгаар төлөхийг, хувь хэмжээ, аливаа зохицуулалт нь бүгдэд тэгш үйлчлэх учиртай.

Монгол улсын татварын тогтолцоог шударга, тэгш байгаа гэж үзэж байна уу? гэвэл тийм гэж хариулах хүн хир олон байгаа бол?

Бүгдээрээ татвар төлөх үүргээ шударгаар хэрэгжүүлж байгаа юу гэвэл үгүй, үүнд юу нөлөөлж байгаа вэ? Учир нь:

- ТЕХ-ын 18.1.1: 30.1.11-р заалтуудын хэрэгжилтийг үнэлэх, хариуцлага хүлээлгэх механизм үгүй байгаа нь хэн дуртай нь тайлан гаргадаг, үнэн зөвийг тогтоох механизм байхгүй

- Хэн тайлан гаргах нь эзэнгүй, буруу гаргалаа гээд хариуцлага үгүй тогтолцоо үйлчилж байна.

- Татвараа төлөхөөс өөр аргагүй гэсэн төлөвшил үгүй, төлөхгүй байх, үгүй ядаж хамгийн багаар төлөх гэсэн хандлага давамгайлсан

- Х, алдагдалтай тайлагнал өссөөр байгаа нь зөвхөн үйлчилгээ сайжирснаар татварын тэгш, шударга харилцаа үүсэхгүй гэдгийг харуулж байгааг анхаарах цаг нь болжээ. Өөрөөр хэлбэл татварын албадлагын шинж нь хариуцлагыг чангатгахыг илэрхийлээд байгаа нь тодорхой.

2. Төлөх татвар нь тодорхой байх ёстой гэдэг нь би яагаад энэ татварыг төлөх ёстой, ямар хэмжээгээр, яаж төлөх, тайлагнах, бүртгэх нь тодорхой байх асуудал гэж ойлгож байна. Хуулинд тодорхой бус заалтууд байгаа нь хуулийг үнэгүйдүйлж байгааг анхааран өөрчлөх, шинэчлэх шаардлагатай юм. Тухайлбал: ХХОАТ-ын тухай хууль нь Үндсэн хуулинд заасан “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалттай хамааралтай бөгөөд иргэний үндсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой нэг механизм нь юм. Гэтэл тухайн хуулийн тодорхой бус, зөрчилтэй заалтууд нь энэ харилцааг гажуудуулж байгаа болно. Төрийн зүгээс шийдвэрлэх олон асуудлыг энэ хуулиар иргэний үүрэгтэй нь холбох замаар нийгэмд шударга харилцааг тогтоох боломжтой.

Мөн НӨАТ-ын хууль, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татварын хууль, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хууль зэргийг шинэчлэх өөрчлөх, өв залгамжлал бэлэглэлийн албан татварын хуулийг батлан мөрдүүлэх шаардлагатай байгаа болно.

3. Татвар нь төлөгдөхүйц байх ёстой. Ямар тохиолдолд татвар төлөгдөхүйц байдалд хүрэх вэ? гэдэг асуулт гарна. Татварыг мөнгөөр төлнө. Тиймээс татвар ногдуулалтад мөнгөн суурьт зарчмыг баримталдаг нь олон улсын практик билээ. Монгол улсын татварын тогтолцоонд энэ зарчим хир хэрэгжиж байгаа бол? Үгүй гэж хэлж болноо. Тухайлбал: ААНОАТ-ын хуулиар татвар ногдуулалтыг аккруэл суурьт үндэслэх, НӨАТ-ын хуулиар борлуулалтдаа аккруэл, худалдан авалтдаа мөнгөн суурийг хэрэглэхээр заасан байгаа нь энэ зарчмын хэрэгжилт ямар байгааг харуулж байна. Энэ зарчмыг хэрэгжүүлэх нь татварын алба, татвар төлөгчид татвар төлөхөөс үүсэх маргаантай асуудлыг шийдвэрлэх бөгөөд татварын тайлангаар үүсэх өрийн үлдэгдэлгүй байх боломжтой юм. Татварын албаны ажлыг төлөвлөгөөний биелэлтээр бус харин ногдуулсан татварынхаа хэдэн хувийг хураан авсан вэ? гэдгээр үнэлэх боломжтой болох буюу илүү үр өгөөжтэй удирдлагын механизм болох учиртай ажээ.

4. Татвар нь үр ашигтай байх зарчмын хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ? гэдгийг авч үзвэл сайн үзүүлэлт гарах бол уу? Үр ашиг гэдэг нь татварын алба, татвар төлөгчийн аль алины хүрээнд яригдана. Татварын алба нь татварын орлогыг ямар хэмжээний зардлаар цуглуулж буй асуудал, харин татвар төлөгч нь татвар төлөгчийн үүргээ хүндрэл багатай хэрэгжүүлэх, татварын зардал нь бага байх асуудал билээ.

Татварын албаны үндсэн чиг үүрэг татварыг хураах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тул татварын ногдол хийх үүргийг татвар төлөгч буюу мэргэшсэн зөвлөхөд бүрэн хариуцуулах замаар үйл ажиллагаагаа хөнгөвчлөх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нь татварын харилцааны үр ашигт байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой

Татварын хуулиудын шинэчлэл өөрчлөлт нь татварын үндсэн зарчмуудын шаардлагад нийцэх аваас нийгэм, эдийн засагт олон талын үр өгөөж гарна.

Friday, April 15, 2011

Татварын бүртгэл сурах бичиг



“Татварын бүртгэл” номыг татварын харилцаанд өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа хамгаалах, хуулийн дагуу татвараа төлж тайлагнах замаар үүргээ хэрэгжүүлэх, татварын эрсдлээс өөрийгөө хамгаалах, хуулийг хэрэгжүүлэх арга замд суралцах, түүнийг мэдэхийг хүссэн хэн бүхэнд зориулсан бүлгээ. Энэхүү Татварын бүртгэл нь ном нь шинэчлэн хэвлэгдсэн 4 дэх хэвлэл бөгөөд татвар ногдуулалтын хуулиудын хувьд тооцоолол, бүртгэл, тайлагналын ажлууд хийгдэх тул түүнийг хэрхэн хийх талаар жишээ тайлбартай, бодол хийгдсэн болно. 

Агуулга
       1-р бүлэг. Татварын бүртгэлийн үндсэн ухагдахуун          
       2-р бүлэг. Татварын тооцоолол                                           
       3-р бүлэг. Орлогын албан татварын бүртгэл           
       4-р бүлэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар                         
       5-р бүлэг. Хувь хүний орлогын албан татвар
       6-р бүлэг. Хөрөнгийн албан татварууд
       7-р бүлэг. Нэмэгдсэн өртгийн албан татвар
       8-р бүлэг.  Онцгой албан татвар болон бусад хэрэглээний албан татвар
       9-р бүлэг. Гаалийн албан татвар
       10-р бүлэг. Хэрэглэгчийн төлбөр, хураамжууд
    11-р бүлэг. Нийгмийн даатгалын шимтгэл     

ТАТВАРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ТОГТОЛЦООНЫ ТАЛААРХ ЖАЙКА-ГИЙН САНАЛ ЗӨВЛӨМЖ

            2007 оны 07-р сарын 03
                                                                        Жайка-гийн татварын удирдлагыг бэхжүүлэх
                                                                                                            Төслийн баг
1. Тогтолцоог нэвтрүүлэх талаар
Татварын тогтоцоог бэхжүүлэх ЖАЙКА-гийн  судалгааны ажил 1998 оноос эхэлсэн бөгөөд, татварын орлогыг бүр­дүүлэх, татварын бай­цаагч­дын ёс зүйн түвшнийг дээшлүүлэхтэй хол­боо­тойгоор Японы татварын нягтлан бодогчдын тог­толцооны тухай танил­цуулж, нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар зөв­лөмж өгсөөр ирсэн. 2004 оноос эхлэн Татварын удирдлагыг бэхжүүлэх техникийн хамтын ажилла­гааны төслийн хүрээнд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын тогтолцоог нэвтрүүлэхэд чиглэгдсэн ажлыг төслийн бүрэлдэхүүн хэсэгт оруу­лан хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байд­лаар  татварын итгэмж­лэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг байгуулагдаж, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх авсан 100 орчим нягтлан бодогч бүртгэгдээд байна.  Герман, Хятад Солонгос зэрэг оронд  татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын тогтолцоог ашигладаг бөгөөд АНУ-д ч ЕА гэсэн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг тог­толцоо байдаг билээ.

Татварын мэргэшсэн зөвлөх, аудитын үйл ажиллагааны ялгаа

 “Аудитын хуулийн 3-р зүйлд ”Аудитын үйл ажиллагаа” гэж аудитын байгууллагаас гэрээний дагуу хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, үйл ажиллагааны болон татварын тайланг хянаж дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;” хэлнэ гэж заасан.
“татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа” гэж эрх бүхий байгууллагаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар эрхлэх үйл ажиллагааг ойлгоно.

Monday, April 11, 2011

Далд эдийн засаг - татварын механизмын үйлчлэлийн уялдаа



"Далд эдийн засаг - татварын механизмын үйлчлэлийн уялдаа"-ны талаар өмнө тавьж байсан илтгэлээ орууллаа. Сонирхсон хүмүүс доорх URL дээр даран бүрэн ихээр нь татаж авна уу.


Татварын оновчлолд амьдрах чадварын онолыг хэрэглэх нь.

Удирдлагын академийн эрдэм шинжилгээний хурал. УБ. 2003. 2-р байр эзэлсэн

                                                              ХҮДС-ийн багш  Доктор С. Бадам
                                                                                    Докторант Г. Алтанзаяа
                                                                                    Докторант А. Батцэнгэл

1.      Амьдрах чадварын онолыг хэрэглэх шаардлага.

Татварын харилцаа нь төр, татвар төлөгчийн хүрээнд явагдана. Монгол улсын үндсэн хуулинд[1] заасан иргэнийхээ өмнө төрийн хүлээх үүрэг /19-р зүйлийн 1-р заалт/, иргэн нь төрийнхөө болон бусдын өмнө хүлээх үүргийн /17-р зүйл/ нэг илрэл нь татварын харилцаагаар илрэх бөгөөд эцсийн хэмжүүр нь татварын тогтолцоо тэгш шударга, үр ашигтай байх зарчим юм.




Нийгмийн нийт бүтээгдэхүүнийг хуваарилах явцад татварын харилцаа үүсэх ба татвар ногдуулалт нь эдийн засаг, санхүү, эрх зүйд үндэслэн татварын харилцааны арга зүйн үндсийг бүрдүүлнэ. Татварын харилцаа санхүүгийн харилцааны хамгийн их маргаан үүсгэдэг хүрээ бөгөөд эдийн засгийн эрх ашгууд ямагт мөргөлдөж байдаг. Засгийн газар төсвийн орлогоо нэмэгдүүлэх, татвар төлөгч өөрийнхөө ашгаа их байлгах сонирхол нь татварын харилцаанд оролцогч субъектүүдэд татварын талаар ямар нэг шийдвэр гаргах шаардлагыг бий болгодог.

Sunday, April 10, 2011

Санхүүгийн тайлан, татварын тайлангийн зөрүүг зохицуулан бүртгэх нь


Үндэсний татварын албаны онол, практикийн бага хурал. УБ. 2008-09-10.
ХҮДС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурал. 2009-03-26

ХҮДС-ийн Нийгэм эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал, Доктор (Ph.D),  дэд профессор Г.Алтанзаяа

            Монгол Улс зах зээлийн харилцаанд нийцэх эрх, үүрэг, хариуцлагын нэгдмэл тогтолцоог бий болгоход төр, засаг, нийгмийн үйл ажиллагаа чиглэн байгаа үед энэхүү илтгэлээ бичиж байна. Татварын тогтолцооны эрх зүйн орчинг бий болгож хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн он жилүүдийг татварын бүртгэлийн мэдлэг хомсоос татварт зориулан санхүүгийн тайлан гаргуулах, татварын хуулийн дагуу гаргаж буй тайлан, санхүүгийн тайлангийн уялдаа нийцэлд ач холбогдол өгөхгүйгээр туулсаар ирлээ. Хариуцлагагүй байна гэдэг үг хаа сайгүй яригдаж байгаа ч хуулийг дагаж мөрддөг, хариуцлага хүлээдэг тогтолцоо чухам ямар байх вэ гэдэг нь мөн тодорхой бус байсаар л байна. Үүний жишээ нь: Татварын ерөнхий хуулийн 18.1.1-р зүйл болох “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх” гэсэн заалт хэрхэн хэрэгжиж байгаа гэдгээс тодорхой юм. Мөн санхүүгийн болон татварын тайлангийн зөрүүг зохицуулах асуудал ч эрх зүйн тодорхой шийдэл, арга зүйгээ үгүйлсээр л байна.


ТАТВАРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ, ХАНДЛАГА


“Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн тогтолцоо” семинар. УБ. 2004-12-13

Илтгэгч : Монгол –Япон татварын бүртгэлийн судалгааны
Кайкэй нийгэмлэгийн гүйцэтгэх захирал,
Доктор Г. Алтанзаяа

Татварын нягтлан бодох бүртгэлийн үүсэл, зорилго
            Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавар нь татварын нягтлан бодох бүртгэлийн системийн туслалцаатайгаар татвар төлөгчийн үйл ажиллагааны бүртгэл цэгцтэй болох, татвар хураалт сайжрах замаар төсөвт татвараар орох орлого нэмэгдэх эерэг нөлөөтэй байдаг байна. Татварын эдийн засаг нийгэмд гүйцэтгэх үүрэг нийгмийн баялаг болон тсвийн орлогыг нэмэгдүлэхэд чиглэдэг нь төрөөс татвар төлөгчиддөө татвартай холбоотой тайлан мэдээг үнэн зөв шаргахад нь туслах, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад үүсч болох аливаа эрсдэлээс хамгаалах зэрэг зорилготойгоор бий болжээ. 1919 онд Гериан улс татварын хуулиндаа мэргэшсэн нягтлан бодогчийн тухай хуульчлан хэрэгжүүлж эхэлсэн бол дараагаар нь Австри, Швед, АНУ зэргээр олон улс орнуудад нэвтэрчээ. Азид анх 1950 онд Индонезид, 1951 онд Японд, 1961 онд Солонгос улсад зэргээр нэвтрүүлсээр байна.

Wednesday, April 6, 2011

Блогийн тухай

Сайн байцгаана уу?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Миний бие нь өнөөгийн татварын алба үүсэх үед ажиллаж эхэлсэн бөгөөд зохих судалгаа эрхэлж докторын зэрэг хамгаалсан, сургалт эрхлэх, ном, сурах бичиг, гарын авлага бэлтгэх, татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн үйлчилгээний суурийг тавьсан зэрэг олон хүрээгээр татвартай холбогдож байгаа билээ.