Friday, April 15, 2011

Татварын мэргэшсэн зөвлөх, аудитын үйл ажиллагааны ялгаа

 “Аудитын хуулийн 3-р зүйлд ”Аудитын үйл ажиллагаа” гэж аудитын байгууллагаас гэрээний дагуу хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, үйл ажиллагааны болон татварын тайланг хянаж дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;” хэлнэ гэж заасан.
“татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа” гэж эрх бүхий байгууллагаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар эрхлэх үйл ажиллагааг ойлгоно.
            Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаанд бид юуг хамруулан ойлгох вэ? гэвэл:
1)      Татвартай холбоотой үйл ажиллагааг төлөөлөн явуулах
(татварын талаарх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үүссэн асуудлыг шийдвэрлэх, санал гомдлыг барагдуулах зэрэг ажилд хүсэлт гаргасан талын итгэмжлэлийн дагуу бусдын өмнө төлөөлөх буюу татвар төлөгчийн өмнөөс орлон гүйцэтгэх)
2)      Татварын холбогдолтой баримт бичиг боловсруулах, хөтлөх
(Татвар ногдуулах орлогыг тодорхойлох, ногдох татварыг тооцох, татварыг төлөх, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой анхан шатны, нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг үйлдэх, татварын тайлангууд гаргах)
3)      Татварын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөвөлгөө, зөвлөмж өгөх
(Татвар төлөгчийн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх болон татварын хууль тогтоомжийг танин мэдэх талаар, бизнесийн эдийн засгийн тооцоо, төсөв, төлөвлөгөө зэрэгт татварын зардлаа тооцох болон санхүү, менежмент, шинжилгээ, судалгаанд татварын үр нөлөөг тооцох)
4)      Татвартай холбоотой баримт, бичиг үйлдэх
(Татварын албанд аливаа хүсэлт гаргах буюу бусдад өргөдөл гаргах, гомдол гаргах, нэхэмжлэл үйлдэх, шалгалт хийлгэх хүсэлт гаргах, тодруулга гаргах, залруулга хийх, хуулийн этгээд үүсгэн байгуулах г.м)
5)      Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн гомдлыг татвараар мэргэшсэн өмгөөлөгчтэй хамтран шийдвэрлүүлэх
(маргаан таслах зөвлөл болон шүүхийн хүрээнд байгаа татвартай холбоотой хэргийг шийдвэрлэхэд магадлагаа, нотолгоо, дүгнэлт гаргах)
Дээр заасан үйл ажиллагаануудыг төлбөртэй болон төлбөргүйгээр татварын мэргэшсэн зөвлөгчид гүйцэтгэх замаар төрийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд төрдөө туслалцаа үзүүлэх, татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад тусладаг итгэлцэл, хүндлэлийн зарчимд тулгуурладаг үйл ажиллагаа юм. Нөгөө талаараа бизнесийн үйл ажиллагааны ажил гүйлгээг татварын хууль эрх зүйн хүрээнд тодорхойлох тул дагаж мөрдөх эрх зүйн нь тухайн улсын татвартай холбоотой хууль тогтоомжууд болно. Иймээс татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа бол тайлан, мэдүүлгийн үнэн зөвд дүгнэлт өгөх үйл ажиллагаа бус харин үнэн зөв байдлыг хангахад туслалцаа үзүүлж, түүнийхээ төлөө төрийн өмнө хариуцлага хүлээх үйл ажиллагаа билээ.
            Аудитын үйл ажиллагаа санхүүгийн тайлангийн хүрээнд мөрдөгдөх стандарт, зарчмыг мөрдлөгө болгон байгууллагын бодит үйл ажиллагааны үр дүнг батлан, үнэлж хэрэглэгчдэд хандсан дүгнэлт өгөх үйл ажиллагаа бол татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа нь татвар төлөгчдөд татвараа өөрөө тодорхойлон төлөх үүргээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх замаар төрийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, татварын хуулиудын хэрэгжилтийг хангахад туслах үйлчилгээ юм. 
            Аудит нь санхүүгийн тайлангийн үнэн зөвд дүгнэлт өгөх хараат бус бие даасан үйл ажиллагаа, татварын итгэмжлэгдсэн этгээдийн үйл ажиллагаа нь туслалцаа үзүүлэх итгэлцэл, хүндэтгэлд тулгуурласан үйл ажиллагаа гэвэл энэ хоёрыг нэг этгээдийн хүрээнд хэрэгжүүлэхэд хэрхэн нийцэх вэ? гэдгийг тунгааж бодох шаардлагатай болж байна. Өөрөө тайланг нь үйлдчихээд, өөрөө баталгаажуулж дүгнэлт өгөх нь аудитын үйл ажиллагаанд дагаж мөрдөх зарчим, ёс зүйн асуудалтайгаа хир нийцэхийг эргэн нэг харахгүй бол зайлшгүй зөрчил үүсч аудитын нэр хүндэд нөлөөлж ирсэн нь тодорхой. Монголд аудитын үйл ажиллагааг жинхэнэ утгаараа санхүүгийн тайлангийн хүрээнд хэрэгжихийг хэрэглэгчид хүсдэг. Энэ нь Санхүүгийн тайлан гаргах, татварын тайлан гаргах нь тус тусын зорилготой, баримтлах эрх зүй нь өөр байдагтай холбоотой. Ийм ч учраас олон улсын практикт тус тусдаа эрх зүйгээр зохицуулагдаж хэрэгждэг ажээ.
            Зах зээлийн эдийн засгийн нийгмийг хэрэгжүүлж эхэлсэн 1990 оноос энэ нийгэмдээ нийцэх нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог хөгжүүлж ирсэн өнгөрсөн жилүүдэд татвар төлөгчид татварын албанд тайлангаа гаргах хэрэгцээгээр татварын тайлан тооцоо хийх ажилд аудитын компаниуд туслаж ирсэн. Гэвч энэ үйлчилгээг татварын тайлангийн үнэн зөвийг хэрхэн хангаж байсан, энд нь эргээд хариуцлага тооцож байсан уу, хариуцлага хүлээж байсан аудитор хэд вэ гэвэл үгүй. Харин татварын мэргэшсэн үйл ажиллагааны үр дүнд татварын тайлан тооцооны үнэн зөвийг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч бүрэн хариуцдагаараа энэ хоёр үйлчилгээний нэг ялгаатай тал гарч байгаа. Аудит бол зөвхөн өөрийн өгсөн дүгнэлдээ л хариуцлага хүлээдэг хараат бус үйл ажиллагаа бол татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа өөрийн үйлдсэн тайлангийн үнэн зөвд хариуцлага хүлээдэг итгэлцэл хүндлэлд тулгуурласан үйлчилгээ юм.
            Монгол Улсын Үндсэн хуулийн 17-р зүйлийн 3-р заалт[1], Татварын ерөнхий хуулийн 18.1.1[2]; 18.1.2[3]; 43[4]; 44[5]; 45[6]; 53[7] заалтууд нь Монгол улсад татвар төлөгч нь өөрөө татвараа тодорхойлон төлөхийг үүрэг болгосон. Энэ нь нийт татвар төлөгчдөөс татварын хуулиудыг хэрэгжүүлэхэд татвар төлөгчөөр бүртгүүлэх, татвар ногдуулах орлого, зүйлс, татвараа тооцоолох, түүнийгээ төлж, бүртгэж, тайлагнах ажилбаруудыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийг үүрэг болгосон гэсэн үг. Энэ үүргээ татвар төлөгч хэрэгжүүлэхдээ мэргэжлийн нягтлан бодогчийн туслалцаа авдаг нь энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээ байхыг нотолдог. Харин хууль эрх зүйн зохицуулалтгүй учраас гэрээт нягтлан бодогчид, төрийн болон татварын албаны ажилчид ч татвар төлөгчөөс хэдэн төгрөг авч тайланг нь үйлддэг ч эргээд хаана ч хариуцлага хүлээдэггүй. Иймээс татвар төлөгчийн хүсэлд нийцүүлэн тайланг гаргах нь алдагдалтай, Х тайлан гаргах эсвэл бага татвар төлөхөөр гаргах бөгөөд өнөөдөр ч үргэлжилсээр байна.
            Нийгэмд зөрчигдөж буй аливаа үйл ажиллагааг залруулах, сайжруулах, нөхцөл боломжийг нь тодорхойлж хэрэгжүүлэх үйл ажиллагаа доод шатнаасаа хийгдэх нь эдийн засаг, нийгэм эрүүлжих суурь нөхцөл билээ. Харин төрийн үүрэг эрх зүйн орчингоор нь дэмжиж, нөхцөл боломжийг нь бүрдүүлэх явдал юм.
Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хууль байх үндэслэл нь:
  • Татвараа өөрөө тодорхойлон төлөх тогтолцоо үйлчилдэг
  • Татварын тогтолцооны тэгш шударга байх зарчим
  • Татварын хуулиудыг сурталчлах, таниулах
  • Татвар төлөгчдөд хүргэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх
  • Татварын тайлан, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах
  • Орлогын албан татварт зохицуулалт хийх
  • Татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах
  • Татварын хууль хэрэгжих хариуцлагын тогтолцоо бүрдэх зэрэг олон зүйлийг дурьдаж болно.

Төрийн бодлого татвар төлөх нь иргэний үүрэг болгон татвараар төрийн санхүүгээ бүрдүүлэх тогтолцоотой тул хуулийн хэрэгжилтийг хангах, татвараа өөрөө тодорхойлон төлөх үүргээ тэгшээр хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бий болгоход энэ хууль чухал үүрэг гүйцэтгэнэ.



[1] хуулиар ногдуулсан албан татвараа төлөх
[2] татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх;
[3] татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх
[4] Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам
[5] Татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах
[6] Татварын тайлан үйлдэх,  тушаах
[7] Татварын бүртгэл

No comments:

Post a Comment