Thursday, April 21, 2011

Татварын зарчим- Монгол Улсын татварын тогтолцоо

Адам Смит 1776 онд “Ард түмний баялаг” номондоо татварын тогтолцооны үндсэн зарчмуудыг тодорхойлсон нь өнөөдрийн татварын онолын үндсэн суурь болсоор байна.

1. Татвар шударга, тэгш байх ёстой өөрөөр хэлбэл орсон орлоготой нь уялдах ёстой.
2. Төлөх татвар нь тодорхой байх ёстой, татвар төлөгчид тооцоолох болон төлөх хугацаа нь тохиромжтой байх ёстой.
3. Татвар нь төлөгдөхүйц байх ёстой.
4. Татвар нь үр ашигтай байх ёстой

Энэхүү зарчмууд нь Монгол Улсын татварын тогтолцоонд хэрхэн биелэлээ олж буйг хуулийн зохицуулалттай холбон авч үзье.
1. Татвар нь шударга, тэгш байх ёстой гэдгийг Татвар төлөгч нь Үндсэн хуулинд заасан “хуулиар ногдох албан татвараа тодорхойлж төлөх” гэсэн үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд тэгш хандах, шударгаар хэрэгжүүлэхийг хэлж байгаа гэж үзэж байна. Та ажил, үйлчилгээ эрхлэх буюу хөдөлмөр эрхлэн орлого олж буй бол хуулийн дагуу татвараа шударгаар төлөхийг, хувь хэмжээ, аливаа зохицуулалт нь бүгдэд тэгш үйлчлэх учиртай.

Монгол улсын татварын тогтолцоог шударга, тэгш байгаа гэж үзэж байна уу? гэвэл тийм гэж хариулах хүн хир олон байгаа бол?

Бүгдээрээ татвар төлөх үүргээ шударгаар хэрэгжүүлж байгаа юу гэвэл үгүй, үүнд юу нөлөөлж байгаа вэ? Учир нь:

- ТЕХ-ын 18.1.1: 30.1.11-р заалтуудын хэрэгжилтийг үнэлэх, хариуцлага хүлээлгэх механизм үгүй байгаа нь хэн дуртай нь тайлан гаргадаг, үнэн зөвийг тогтоох механизм байхгүй

- Хэн тайлан гаргах нь эзэнгүй, буруу гаргалаа гээд хариуцлага үгүй тогтолцоо үйлчилж байна.

- Татвараа төлөхөөс өөр аргагүй гэсэн төлөвшил үгүй, төлөхгүй байх, үгүй ядаж хамгийн багаар төлөх гэсэн хандлага давамгайлсан

- Х, алдагдалтай тайлагнал өссөөр байгаа нь зөвхөн үйлчилгээ сайжирснаар татварын тэгш, шударга харилцаа үүсэхгүй гэдгийг харуулж байгааг анхаарах цаг нь болжээ. Өөрөөр хэлбэл татварын албадлагын шинж нь хариуцлагыг чангатгахыг илэрхийлээд байгаа нь тодорхой.

2. Төлөх татвар нь тодорхой байх ёстой гэдэг нь би яагаад энэ татварыг төлөх ёстой, ямар хэмжээгээр, яаж төлөх, тайлагнах, бүртгэх нь тодорхой байх асуудал гэж ойлгож байна. Хуулинд тодорхой бус заалтууд байгаа нь хуулийг үнэгүйдүйлж байгааг анхааран өөрчлөх, шинэчлэх шаардлагатай юм. Тухайлбал: ХХОАТ-ын тухай хууль нь Үндсэн хуулинд заасан “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалттай хамааралтай бөгөөд иргэний үндсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой нэг механизм нь юм. Гэтэл тухайн хуулийн тодорхой бус, зөрчилтэй заалтууд нь энэ харилцааг гажуудуулж байгаа болно. Төрийн зүгээс шийдвэрлэх олон асуудлыг энэ хуулиар иргэний үүрэгтэй нь холбох замаар нийгэмд шударга харилцааг тогтоох боломжтой.

Мөн НӨАТ-ын хууль, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татварын хууль, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хууль зэргийг шинэчлэх өөрчлөх, өв залгамжлал бэлэглэлийн албан татварын хуулийг батлан мөрдүүлэх шаардлагатай байгаа болно.

3. Татвар нь төлөгдөхүйц байх ёстой. Ямар тохиолдолд татвар төлөгдөхүйц байдалд хүрэх вэ? гэдэг асуулт гарна. Татварыг мөнгөөр төлнө. Тиймээс татвар ногдуулалтад мөнгөн суурьт зарчмыг баримталдаг нь олон улсын практик билээ. Монгол улсын татварын тогтолцоонд энэ зарчим хир хэрэгжиж байгаа бол? Үгүй гэж хэлж болноо. Тухайлбал: ААНОАТ-ын хуулиар татвар ногдуулалтыг аккруэл суурьт үндэслэх, НӨАТ-ын хуулиар борлуулалтдаа аккруэл, худалдан авалтдаа мөнгөн суурийг хэрэглэхээр заасан байгаа нь энэ зарчмын хэрэгжилт ямар байгааг харуулж байна. Энэ зарчмыг хэрэгжүүлэх нь татварын алба, татвар төлөгчид татвар төлөхөөс үүсэх маргаантай асуудлыг шийдвэрлэх бөгөөд татварын тайлангаар үүсэх өрийн үлдэгдэлгүй байх боломжтой юм. Татварын албаны ажлыг төлөвлөгөөний биелэлтээр бус харин ногдуулсан татварынхаа хэдэн хувийг хураан авсан вэ? гэдгээр үнэлэх боломжтой болох буюу илүү үр өгөөжтэй удирдлагын механизм болох учиртай ажээ.

4. Татвар нь үр ашигтай байх зарчмын хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ? гэдгийг авч үзвэл сайн үзүүлэлт гарах бол уу? Үр ашиг гэдэг нь татварын алба, татвар төлөгчийн аль алины хүрээнд яригдана. Татварын алба нь татварын орлогыг ямар хэмжээний зардлаар цуглуулж буй асуудал, харин татвар төлөгч нь татвар төлөгчийн үүргээ хүндрэл багатай хэрэгжүүлэх, татварын зардал нь бага байх асуудал билээ.

Татварын албаны үндсэн чиг үүрэг татварыг хураах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тул татварын ногдол хийх үүргийг татвар төлөгч буюу мэргэшсэн зөвлөхөд бүрэн хариуцуулах замаар үйл ажиллагаагаа хөнгөвчлөх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нь татварын харилцааны үр ашигт байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой

Татварын хуулиудын шинэчлэл өөрчлөлт нь татварын үндсэн зарчмуудын шаардлагад нийцэх аваас нийгэм, эдийн засагт олон талын үр өгөөж гарна.

No comments:

Post a Comment